Monday, May 16, 2016

Талийгаачаас үлдсэн чөтгөртэй байр олны газар оршсоор байна


Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрладаг гурван давхар нэгэн цагаан байрны хоёрдугаар орцон дахь гурван давхрын хоёр цонхыг сараалжин төмрөөр хадан, салхивчийг нь онгорхой орхисоор хоёр жил хагас болж буйг тэр хавийн оршин суугчид андахгүй.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрладаг гурван давхар нэгэн цагаан байрны хоёрдугаар орцон дахь гурван давхрын хоёр цонхыг сараалжин төмрөөр хадан, салхивчийг нь онгорхой орхисоор хоёр жил хагас болж буйг тэр хавийн оршин суугчид андахгүй. Тэрхүү хадгалж, хамгаалах ажлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зохион байгуулжээ. Гаднаас нь харахад болжмор, тагтааны үүр болсон нь хараажийн байлаа. Сүрэг болжмор, хэсэг тагтаа сүр, сархийн гарч ирээд байрны өмнөх талбайд хүмүүсийн хаясан будаа, талх, боовны хогийг тоншицгоох ажээ. Гандантэгчинлэн, Дашчойлон хийдийн гаднах талбайг санагдуулам бараг ганцхан газар гэхэд хилсдэхгүй болжээ. Түүнээс өөр тагтаа, болжмор гаднаа цуглуулдаг байр их хотод бараг үгүй буй за. Энэ байр хийгээд эзнийх нь талаар өгүүлбэл барагдашгүй урт түүх болох нь мэдээж тул аль болох товчлон өгүүлэх нь зүйтэй биз ээ. Тэр давхрын ганц өрөөнд эл нийтлэлийн эзэн, баатар болох Орлом/ нэрийг мэдээж өөрчилсөн болно/ чавганц олон жил насаараа орь ганцаар амьдарчээ. Орлом гуайн төрөлх нутаг, хамаатан садан, үр хүүхдийн талаар олигтой юм ярих, мэдэх хүн одоогоор лав алга. Угаасаа ч мэддэггүй бололтой. Харин өөрийг нь бол сайн таньдаг хийгээд мэддэг оршин суугчид олон байна лээ. Тэрхүү байранд олон жил амьдарсан нэгэн нэрээ хэлэхийг хүсэлгүйгээр доорхи зүйлийг ярьсан билээ. -Орлом гуайг би багаасаа мэдэх юм. Олон жил айл аймаг явсан даа. Намайг бага байхад л нэг ганц бие эмэгтэй байсан юм. Үр хүүхэд, үеийн нөхөд бараг байгаагүй. Барагсах ч юу байхав. Үр хүүхэд гэж лав хэн нэгэн харагдаагүй билээ. Бид ч тэр талаар нэг их асуудаггүй байжээ. Үеийнхэнтэйгээ ч нэг их ярьж, хөөрөөд байдаггүй угийн нэг тийм зожиг, дуугүй хүн байлаа. Нэгэн оёдлын үйлдвэрт ажилладаг юм гэсэн яриа л байсан даа. Үнэн байх аа. Ээлжийн ажилтай байсан юм болов уу даа. Өдрийн цагаар үзэгддэггүй шахуу хүн байсан билээ. Ганц бие гэхэд тун боломжийн амьдардаг хүн байсан шүү, хөөрхий. Тэр жил нэг зун Улсын баяраар манай ааваар хонь гаргуулах болоход хонины хөл татаж өгөхөөр хамт орсон юм. Ганган айл байсийм аа. Ганц өрөөтэй гэхэд гологдохооргүй сайхан амьдарч байсныг үнэнээр нь хэлье дээ. Тэр үед Оросын өнгөт зурагттай айл олон байгаагүй юм шүү. Орлом эгчийнх тийм зурагттай байж билээ. Аав бид хоёрыг амттанаар дайлангаа хонины чанасан махнаас хишиг хүртээснийг одоо ч мартдаггүй дээ. Тэгж л нэг орсноос хойш дахиж гэрээр нь шагайх боломж гараагүй юм. Угаас гэртээ хүн амьтан цуглуулаад байдаггүй хүн байв. Улс орон зах зээлд ороод удаагүй байхад тэтгэвэртээ гарч, “Бөмбөгөр”-ийн тэнд нэг хэсэг “ТҮЦ” ажиллуулдаг байсныг нь санах юм. Хааяа ганц “юм”-ны мөнгө зээлэхээр өгдөг байсан даа. Бид яахав мөнгийг нь эргүүлж өгөхдөө “ТҮЦ”-т нь аваачаад өгдөгсөн. Сүүлдээ нас нь яваад “ТҮЦ”-ээ ажиллуулахаа больсон доо. Тэр нь ч дээр болсон байх. Их л уйддаг байсан юм болов уу гэж бодогдоод байдаг юм. Хөгшчүүлтэй гадаа хөзөр, даалуу л тоглож харагддагсан. Тоглож, тоглочихоод ганц нэг юм уух болоход Орлом эгч заавал шил архи даана шүү. Өөрөө нэг их ууж, барьж харагддаггүй юм. Тэгсхийгээд гэртээ орчихож харагддаг. Ганц бие болохоор хүнээр гэхээс биш өөр юмаар огт дутаж яваагүй байх аа. Айл, амьтнаас юм гуйж байхыг нь л лав бид хараагүй дээ. Сүүлдээ их хачин ааштай болчихсон билээ. Тиймээс бид ч цэрвээд нэг их ойртдоггүй байлаа. Хааяа өөрөө гарч ирээд бидний хажууд жаал ярьж сууж байгаад ганц шил архи авч өгчихөөд явчихдаг байсийм. Түүнийг нь бодохоор л их уйддаг байсан юм болов уу гэж санадаг даа. Манай байрныхан, бидний үеийн харчууд ч Орлом эгчид их сайн байлаа. Биднээс бусад нь л Орлом чавганц гэдэг байсан юм. Хувцас хунар солиод, алт мөнгө зүүгээд байхгүй, их мөрөөрөө хүн байсныг эндхийнхэн андахгүй. Үеийн хөгшчүүдтэйгээ хааяа тоглоно уу гэхээс нэг их юм яриад сүйд майд болоод байхгүй шүү. Нэг саарал ноосон цамцнаас сална гэж байхгүй. Хожим нь буюу 2000 оны хавиас хоёр хөл муудлаа гээд үе үе таяг тулдаг болчихсон юм, зайлуул. Өөрөөр нэг их өвчин, зовлон ярьж байсныг бид лав санахгүй байна. Хавдар, сүрьеэ лав тусаагүй байх. Уржнангаас л эмнэлэгт хэвтжээ. Сувилалд явж гэнэ гэсэн яриа гардаг болсон доо. Тэр цагаас л байрныхан нь битүүхэндээ санаа зовдог болсон юм. Хүмүүс л болсон хойно есөн бусын юм ярина л даа. Ганц өрөө байр нь хэнд очих бол? Хөгшин сэргэлэн юм чинь аргыг нь аль хэдийнэ олчихоо байлгүй гэцгээгээд л бурдаг байсан даа. Тэгж байтал намар нь гэртээ бурхан болчихсон дуулдсан даа. Оршуулга энэ тэрийг нь цагдаагийнхан зохицуулсан юм. Өөр хэн ч тэгэх билээ. Таньдаг, мэддэг хүн харагдаагүй дээ. Харин нэг саарал костюмтай хар хүн, цэнхэр цамцтай эмэгтэй хоёр харагдах болсон доо. Төдөлгүй тэр хоёр нэг хүүхэдтэйгээ нүүж ирснийг санаж байна. Тэгтэл их л ойрын хамаатан нь гэж дуулдсан. Тэр үеэс хүмүүсийн яриа, цуу дэгдэлгүй яах вэ. Амьд сэрүүнд нь үзэгддэггүй байж үхсэн хойно нь үзэгдсэн улсыг хэн хамаатан, садан гэдэг юм. Худлаа хэлсэн хотын луйварчдаас гарахгүй гэж ирээд л ярьдаг байв. Нөхөр нь болох эр хааяа халамцуу яваа харагддаг байв. Харин нэг сонин зүйл тохиосныг одоо ярья. Итгэнэ үү, байна уу өөрсдөө мэднэ биз. Манай байрны Хашаа, Эрдэнээ бид гурав нэг орой энэ суудал /байрны өмнөх саравчтай суудал/ дээр архидаж байлаа. Тэгтэл өнөө нөхөр хүрээд ирлээ шүү. Ялимгүй үнэртүүлчихжээ. Мэнд усаа мэдэлцээд сайхан танилцав аа. Өөрийгөө Дамба гэж танилцуулсан юм. Хаа очиж нэрээ нууж худал, үнэн яриагүй байна лээ. Орцны жижүүрээс хожим нь лавласанд Хорхойн Дамбынх гэдэг айл байгаа гэсэн. Дамба бидний ууж байсан архинаас 100 грамм татчихаад, өврөөсөө шил “юм” гаргаад ирсэн дээ. Тэгээд “Манай хоёр Батсүмбэр явчихсан. Ганцаардаад, хийх юм олдохгүй болохоор нь нэг шил жижиг юм уучихаад хэвтэх гэсэн болдоггүй. Шүүгээнд шил юм байсныг уух гэтэл ганцаардаад цонхоор хартал та гурав сууж байна. Тэгээд яахав, эр улс байна гээд ирлээ” гээд л яриагаа эхэлсэн юм. Цааш нь сонин юм хүүрнэсэн шүү. Нөгөө хоёр маань ч гэрчилнэ дээ. Би Орлом эгчийн ахынх нь хүүхэд. Манай аав биднийг бага байхад өөд болчихсон доо. Хотод нэг эгч чинь байгаа гээд ганцхан удаа уулзуулсан юм. Уулзаж байж сүйд болоогүй ч өнгөрсөн хавар сувилалд амрангаа манайхыг сурагласаар ирсэн дээ. Тэгээд хэд хоноод буцахдаа “Би нэг байртай. Үлдээх хүн байхгүй. Та нар яваандаа орно биз” гэж амаар тохирсон доо. Гэрээ мэрээ хийж амжаагүй байсийм. Гэтэл өнгөрчихлөө. Азаар бидний утас утасных нь дэвтэрт байсан юм билээ. Нас барсан тухай нь цагдаагийнхан хэлснээр бид ирж оршуулга энэ тэрд нь оролцсон юм. Тэгээд цагдаагийнханд хэлж, орох байхыг шийдсэн дээ. Түр орж бай. Яахыг яваандаа шийднэ гэхээр нь орчихсон. Одоо сонсохнээ болохгүй болсон юм байх. Эзэн нас барахдаа үлдээсэн гэрээс байхгүй. Тэгээд ч төрсөн ах, дүү нь нотлогдоогүй хамаатан гэх тул өмчлөх эрхгүй. Одоо байрыг сулла гээд байгаа. Үхсэн хүний байр булаацалдаж суултай биш гарахаас даа” гэв. Тэгээд хэсэг гөлөрч сууснаа бүр хачин юм ярив. “Та нар хүнд хэлээд яах вэ. Цуу тараасан болно биз. Тэгээд ч бидэнд элдвийн бодол алга. Хэдэн малын буянд болох л байлгүй. Харин байрыг нь бүү луйвардчихаасай л гэж бодох юм. Байр ч бас зүгээргүй юм билээ. Би ямар сайндаа ганцаардаад айсандаа архи ууж байхав. Хааяа хий үзэгдэлэрхүү юм харагдаж, чимээ гардаг юм. Шөнө унтаж байхад ус гоожих, хүн яраглах, тогоо шанага дуугарах энүүхэнд. Бид гурвуул болохоор гайгүй. Анх эхнэр мэдсэн юм. Нэг шөнө унтаж байсан намайг татлаа. Яав? гэсэн чинь. Чишш.. гээд чагна гэв. Гал тогоонд хүн юм угаагаад, амьсгаадаад байх шиг чимээ гарч байх юм. Хүүг хартал орондоо унтаж байх нь тэр. Тэгээд ч гэрэл унтраалгаастай байлаа. Ингээд айж, гайхсандаа босоод өрөөнийхөө гэрлийг асаагаад эхнэр бид хоёр очтол гал тогоонд юу ч байсангүй. Юу ч болсон шинжгүй байв. Ингээд бөөн яриа болов. Хүүд хэлээд яахав. Айчихна гэж тохирлоо. Хэд хонож байтал хүү шөнө босч шээхдээ гэнэт цочсоноор бид ч болсон явлыг хэлсэн дээ. Хүү бие засчихаад унтахаар эргэтэл гал тогоонд сүүтэгнэсэн сүүдэр хүн харагджээ. Ингээд цочсондоо хашгирснаар бид сэрсэн юм. Хүү маань насанд хүрч яваа эр хүн тулдаа гайгүй өнгөрлөө. Нялх, бага хүүхэдтэй байсан бол балрахгүй юү. Маргааш нь эхнэр бид хоёр лам, хард үзүүлсэн. Танайд таарахгүй юм байна. Амь нас, эрүүл мэндэд цөвгүй ч нэг их зүүгдэх хэрэггүй. Хэний ч өмч болохооргүй сонин байр байна гэсэн дээ. Хий үзэгдлийн хувьд эзэн эмгэний сүнс түр хоргодсон байна. Удахгүй явна. Тэр үед байрны асуудал ч шийдэгдэх биз гэв. Бид гурав хэд хоногоос нүүнэ. Байр буцаад л дүүргийн цагдаагийнхны мэдэлд очих болов уу даа” гэсэн билээ. Төдөлгүй үнэхээр тэднийх нүүж одсон юм. Нүүсэн өдөр нь цагдаагийнхан ирж байрыг хүлээн авч байгаа харагдсан. Таван цагдаа ирж хоёр нь цонхыг нь гаднаас нь сараалжин төмрөөр тагалаад, салхивчийг нь онгорхой орхисон юм. Тэр нь ч дээр байх. Эс тэгвэл энэ олон жил болсон хуучин байр дээр, дороосоо ялзарч мөөгөнцөртөөд балрахгүй юү. Хавь ойрынхоо айл, өрх рүү тэр нь дамжаад сүйд болно биз дээ. Байрны хувь заяаны талаар янз бүрийн яриа гардаг л юм. Цагдаагийн хяналтад хоёр жил болоход эзэн гарч ирэхгүй бол улсын өмч болгоно ч гэх шиг. Улсын өмч болгоно гэхээр яадаг юм, хэн мэдэхэв. Дуудлага худалдаа энэ тэрдээ оруулдаг юм болов уу? Ямар нэг арга байдаг байлгүй. Олны нүдэн дээр байгаа юмыг улаан цайм хэн нэгэн луйвардахгүй биз. Тэгэх боломжгүй байх аа. Хоёр жил байтугай хорин жил болсон ч эзэн харин гарахгүй нь баараггүй үнэн гэдгийг л баттай хэлэх байна. Өмчлөлийн асуудлыг үр хүүхэд нь л биш бол тогтоох боломжгүй гэх. Хэрэв амьд сэрүүн байхдаа Дамбынд бэлэглэчихсэн бол болох байсан санагддаг гэснээр сайхь эрийн яриа өндөрлөв. Орлом чавганцаас үлдсэн гэх нэгэн байр ийнхүү олны хөлийн газар оршсоор байгаа юм. Наадмын дараа намар гэдэг болохоор тэр үед чухам хэрхэх нь тодрох буй за.

No comments:

Post a Comment